Хогны уут өөрөө 60 жилийн настай хог

Хогны уут өөрөө хог болно. Хог олсоор ч байна. Гялгар уут нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм.  Өнгөрсөн жил гур­ван тэрбум төгрөгөөр хогны уут хийсэн бол энэ жил 4.5 тэрбум болгоод өс­гөөд оруулаад ирсэн ч эсэр­гүү­цэлтэй тулгарсны хүчинд 2.7 тэрбумаар ба­талсан.
Нийт­дээ төсвийн 5.7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог хийж байна. Нийслэлийн хэмжээнд 340 мянган өрх айл байдаг гэсэн статистик бий. Гэр хо­роололд 60.6 хувь нь, орон сууцанд 39.4 хувь нь амьдарч байна.
Гэр хо­­рооллын айлуудаас нэг­дүгээрт үнс, хоёрдугаарт ахуйн чанартай шингэн хог (халуун) ихээр гардаг. Үүнийг хогны ногоон уутанд хийх ямар ч бо­ломж­гүй байдаг тухай гэр хо­роол­лоор явж газар дээрээс нь мэдэж авлаа. (2015 оны 05 дугаар сар)

Тэгвэл орон сууцны айлуудын 80 гаруй хувь нь хүнсээ авахдаа дэл­гүүр, супермаркетаас хогоо хийх ууттай болчихдог бай­на. Ингэхээр бодит амьд­рал дээр хогны ногоон уут­ны хэрэгцээ алга.
Ма­най хэс­гийн ахлагч “Хэрэг­цээгүй байсан ч хэрэглэ, хэрэглэхгүй бол торгоно гэж айлгасан шүү хүү минь” хэмээн нэгэн эмээ аминч­лан ярив.
Үнэхээр тор­гох шийтгэл байгаа юм байна. Хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэ­мэг­дүүлэн торгох гэнэ. Ард­чилсан нийгэмд албад­лага хэрэглэх нь хүчин.
Би ч гэсэн хоггүй цэ­вэрхэн хотод амьдрахыг мөрөөддөг залуу хүн. Уут тарааж хогтой тэмцэх биш хог хаях сэтгэлзүйтэй тэм­цэх нь чухал. Сэтгэлгээг өөрч­­лөхгүйгээр нийгмийг өөрч­лөх боломжгүй бай­даг.
Тавхан алхамын цаа­на хогны сав байхад л залхуураад хогоо гудманд хаядаг, том жийпнүүд цонхоо онгойлгоод хогоо чу­­лууд­­­чихдаг байдлаа л хам­гийн эхлээд засах ёстой. Машин нь тоосгүй ч тархи нь тоостой нөхдүүдийн тоо­сыг соруулах хэрэгтэй.
Өндөр хөгжилтэй орны за­луу­­чуудын сэтгэхүйд гуд­манд хог хаяг, ер нь хог хая­­на гэдэг ойлголт байхгүй, “Хогоо хогны саванд хий­­­­нэ” л гэдэг ганцхан ойл­голт­той.
Бид ч ийм л ганц ойлголтой болох хэрэгтэй. 1945 оны “Матар” сэтгүүлд нус цэр, хогоо хамаагүй хаяхгүй байх, олны дунд хам­раа ухахгүй байхыг са­нуул­сан соёлын довтолгоо хо­­­шин хэлбэрээр явж иржээ.
Тэр цагаас хойш 70 жил өнгөрчихөөд байхад бид асуудлаа шийдэж чадаагүй л байна. Солонгос айл бүр хогоо уутанд хийж хаядаг ч түүнийгээ худалдаж авдаг. Америк айлуудын гадаа хогны сав байх бөгөөд хогоо төрөлжүүлээд хийчихдэг.
Франц Улс манай ногоон уутыг дуурайсан гэж хотын мэр санаатай хэлсэн үү, санамсаргүй алдсан уу ямар ч байсан олон зуун жилийн суурин иргэншилтэй Парис хот нүүдэлчин манайхаас дуурайсан гэвэл онигоо болох биз ээ.
Төсвийн 5.7 тэрбум төг­рөгөөр Улаанбаатар хотод нэн тэргүүнд шаардлагатай байгаа дараах зүйлийг ший­дэх боломжтой. Мон­гол Улс хүнээ өсгөх бодлого ба­рим­талдаг ч хүүхдүүдээ асрах цэцэрлэг, төрөх, эмчлэх эм­нэлэг нэн хүрэлцээгүй байна.
Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 90-100 мянган хүүхэд гэртээ цоож­луулан үлдэж байна. Тэд бусдын адил цэцэрлэгт явах эрхтэй. Аав, ээж, ах эгч хэн нэгэн нь тэднийг гэртээ сууж асрах болдог учраас ажил хийх боломжгүй болдог.
Гэртээ үлдэж буй хүүхдийн тоотой тэнцүү ажилгүйчүүд нийгэмд бий болж байна гэсэн санаа. Тэгвэл 5.7 тэрбум төгрөгөөр гэртээ үлдэж байгаа 3000 хүүхдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэх байв.
Хүүхэд харах үйлчилгээ хэлбэрээр шийдчихвэл үү­­­нээс ч олон мянган хүүхэд цэцэр­лэгт явж, тэднийг харж буй эцэг эхчүүд ажил хийх боломж бүрдэх байв. Цэцэрлэгт явдаг нэг хүүхдэд улс жилд 1.2-1.4 сая төгрөг зарцуулдаг хэрнээ явж чадахгүй байгаад нь нэг ч төгрөг өгдөггүй.
Хүүхдийн эмнэлэг манай улсад нэн ховорт тооцогддог. Байгаа хэд нь ачааллаа дий­лэхгүй, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Мөнгөгүй л бол эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрч байгаа нь нууц биш.
Тэгвэл хогны тэрбумуудаар дор хаяж 250 ортой хүүхдийн эмнэлэгтэй болчих боломж байв. Дээрх зураг тайлбаргүйгээр та бүхэнд үнэнийг хэлнэ.
Өөрийн твиттер (@munkhjargal_j) хуудсаар дамжуулан гуравдугаар са­рын 18-ны өдөр “Хогны уут өөрөө хог болсоор, Хогны уут хийж буй тэрбумуудаар хүүхдийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг барья” жиргээг одоогийн байдлаар 300 хүн дэмжиж RT, FAV дарсан байна.
Санал асуулга нэрээр хогны ногоон уутыг үргэлж­лүүлэн тараах тухай шийд­вэр гаргалаа. Энэ санал асуул­гад маш олон хүн эргэлзэж байгаа.
Надаас санал аваагүй, саналаа өгсөн ч дэмжээгүй гэх нь дийлэнх олонх байгааг анзаарсан би­чээч би өөрийн 5000 найз­­тай фэйсбүүк хуудас, 4000 дагагчтай твиттерээр дамжуулан нээлттэй, ил тод судалгаа авлаа. 9000 гэдэг тоо бага мэт боловч дахин жиргээ хийсэн тоог харвал давхардсан тоогоор 200 мянган хүнд хүрчээ.
“Санал асуулгад оролцсон 300 хүний 87 хувь нь надаас хогны уутыг үргэлжлүүлэн тараах тухай санал асуул­га аваагүй гэсэн бол санал асуулгад оролцсон гэж ха­риулсан хүмүүсийн 94.5 хувь нь тараахыг дэмжээ­гүй гэсэн хариултыг өгчээ” Бодит байдал үүнтэй хол зөрөхгүй байгаа гэдэгт бат итгэлтэй байна.
Энэ оныг салбарын яам нь эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан байна. Төр засаг хогны уут хийх мөнгөөрөө ирээдүйгээ дэмжвэл маш олон хүн баярлах болно.
Талархан хү­лээн авах болно. Хоёрхон сарын до­тор л Монгол Улсын иргэн 14 мянгаар нэмэгдэж бай­хад хүүхдийн эмнэлэг, цэцэр­лэгийн асуудал хойшид улам л тулгамдсан асуудал болно. Тулгамдсан асуудлаа түрүүлээд шийдчихмээр бай­на Хотын даргаа!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.