Нутгаа санасан буурал өвгөн

“Монголын элчин сайдын яам”-ны үүдэнд хэзээний танил буурал өвгөн сууж байгаа харагдав. Дөхөөд очтол Ю.Цэдэнбал дарга байна.
– Сайн байна уу? Та юу хийж сууна вэ?
– Элчин сайдын яамны нэг хүнтэй уулзах гээд хүлээж байна. Гарч ирэхгүй 2 цаг боллоо…
– Ямар хэргээр уулзах гэж байгаа юм бэ та, шууд яваад орооч.
– Намайг оруулахгүй байна. Тэр хүнд миний паспорт байгаа сурагтай. Паспортоо авчихвал нутаг буцна, гэж сөөнгөтсөн бөгөөд чичигнэсэн хоолойгоор хариулав. ЭСЯ-руу яваад ортол даргын хүлээж байгаа хүн нь арын хаалгаар зугтсаныг нь мэдлээ. Ийнхүү нэгэнт зугтсан хүнийг буурал дарга маань хоёр цаг гаруй хүлээсэн байж л дээ. Би ЭСЯ-нд ороод нилээн удлаа. Цаг гаран болсон байх. Тэгээд гараад иртэл дарга сууж л байлаа.
– Таны нөгөө хүн чинь ирэхгүй бололтой, та эртхэн буцахгүй юу даа.
– Уулзах ёстой, надтай уулзана гэсэн юм гэж хэлэв.

Нутаг буцах хүслээ барьж ядан тарчилсан Монголын удирдагч Ю.Цэдэнбал хүний нутагт ЭСЯ-руугаа орох ч эрхгүйгээр, өөрөөс нь зугтсан тэр хүнийг хүлээж байгаа дүр зураг хэзээ ч мартагдахгүйгээр ой тойнд минь үлдсэн юм. Москвагийн бүрсгэр тэнгэрийн дор гудамжны сандал дээр эх нутагруугаа тэмүүлсэн өвгөн даргын дүр төрх…

(МУСГЗ, нэвтрүүлэгч Г.ЧУЛУУНБАТ)

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.